ГЭРЭЭСЭНД ҮНЭНЧ (#10622)

Эзэн тэнгэр минь, Таны замаар замнах бидний алхааг батжуулж, Танд дуулгавартай байх сэтгэл зүрхийг маань хатуужуулж хайрла. Таны гоо үзэсгэлэнт нэг нэгдмэл чанарын зүг биднийг хандуулан, Тэнгэрлэг Эв нэгдлийнхээ шинж тэмдгээр бидний цээжийг баясга. Буян хишгийнхээ өмсгөлөөр бидний биеийг чимэглэж, харцнаас маань нүглийн гивлүүрийг хуулан авч, гоо жавхааныхаа бумбанаас бидэнд хайрла, чингэвээс Таны сүр жавхлант дүрийг үзэн амьтан бүхэн бодь чанараараа Таны магтаалыг дуулах болно. Эзэн тэнгэр минь ээ! Үг, үсгээс хавьгүй өндөрт дүүлэх, зөвхөн үе авиаг бувтнах байдлаас халин одох мөргөл уншлагын маань ариун онгод бидний сэтгэлийг эзэмдэж, Таны сүр жавхлан нээгдэн илрэхүйд бүхий л зүйлс нэгдэн хов хоосон болон хувиртал Өөрийн ивээлт айлдвар ба Өөрийн тэнгэрлэг оршин тогтнолынхоо нууцаар Өөрийгөө илчил. Эзэн тэнгэр минь! Эд нар бол Таны Гэрээс, Таны Захиаст хатуу үнэнч хэвээр үлдэн, Таны Үйл хэрэгт тууштай үнэнч байхын олсноос чанга атгаж, Таны сүр жавхлангийн өмсгөлийн эмжээрээс бат зуурсан шадар зарц нар юм.  Эзэн тэнгэр минь, ивээл хайраараа тэдэнд тусалж, хүч чадлаараа тэднийг бататгаж, Танд дуулгавартай тэдний бодь биеийг бэхжүүл. Та Өршөөн уучлагч, Буян ивээлт билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ГЭРЭЭСЭНД ҮНЭНЧ (#10623)

Эзэн тэнгэр минь, Итгэл найдвар минь!  Таны хүчирхэг Гэрээст бат итгэлтэй байж, Таны илэрхий Үйл хэрэгт үнэнч хэвээр үлдэн Агуу гайхамшгийн Номондоо тэдэнд зориулж буулгасан зарлигуудаа хэрэгжүүлэхэд нь хайрт шавь нартаа тусалж, тэднийг удирдамжийн туг, дээдийн Чуулганы гэрэлт дэнлүү, Таны хязгааргүй мэргэн ухааны ундарга булаг, хурмаст тэнгэрээс доош гэрэлтэхдээ зөв чигийг заагч одод болгож хайрлаач.  Та үнэнхүү Ялагдашгүй, Хамгийг чадагч, Хамгаас хүчтэй нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ГЭРЭЭСЭНД ҮНЭНЧ (#10624)

Аяа, нигүүлсэнгүй Бурхан минь!  Намайг сэрээж, ухааруулсанд Тандаа талархая.  Та надад харах нүд, сонсох чих хайрлаж, намайг Өөрийн хаант улсад хөтлөн дагуулж,  Өөрийн номын замд орууллаа.  Та надад зөв замыг зааж, авралын хөлгөнд суухад минь тусаллаа.  Бурхан минь!  Намайг туйлбартай үнэнч болгож, зориг хатуужил хайрла.  Намайг хатуу ширүүн сорилтоос хамгаалж, Гэрээс Захиасынхаа бат бөх цайзанд хорогдуул.  Та үнэнхүү Хүчтэн.  Та бүхнийг Харагч, Та бүхнийг Сонсогч билээ.
Нигүүлсэнгүй Бурхан Та минь ээ!  Таны хайрын гэрлийг шил мэт тольдон тусгах тунгалаг сэтгэл зүрхийг надад хүртээж, тэнгэрлэг хишгийн тань ундралаар энэ ертөнцийг сарнай цэцгийн хүрээлэн болгон хувиргах чадалтай бодол санааг надад хайрлаач.  Та бол Нигүүлсэнгүй, Энэрэнгүй билээ.  Та Агуу их буянт Бурхан билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

